Thursday, December 10, 2009

Мэдээлэл Технологийн салбарт ажилласан 1 жил – зохиогчийн эрхийн асуудал

Эдийн засагч мэргэжлийн дипломыг өвөртлөн аваад гурван жил болж байна. Монгол улсын банк санхүүгийн салбарт хоёр жил ажиллаж бага ч гэсэн туршлага хуримтлуулсан. Мэдээж би хоёр жилийн туршлагыг би өөрөө бүгдийг мэдээд олоод авсан хэрэг биш. Би анх Монгол Улсын хамгийн өндөр нэр хүндтэй, том банк болох ХХБ-нд ажилд орж, ганцхан сарын хугацаанд сурч, мэдсэн зүйлс маань дараагийн хоёр жилд нэлээдгүй давуу талыг олгож байсан. ХасБанкинд хамгийн сүүлд Актив Пассивын менежер хийж байгаад гарсан. Монгол улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл болоод Дэлхийн эдийн засагт болж буй үйл явдлуудыг цаг алдалгүй уншиж, мэдээлэл авч байхгүйгээр энэ ажлыг төсөөлөшгүй. Энэ үйл явдал манай банкинд яаж нөлөөлөх үү, дам нөлөөгөөр нөлөөлөх үү гэдгийг байнга тооцоолж, шийдвэр гаргагч нарт өөрийн боловсруулсан мэдээллийг хүргэдэг байсан. Хэрэв нэг л цаг, нэг өдөр алдвал миний боловсруулсан мэдээ, мэдээлэл үнэ цэнээ алдах тул хамгийн түрүүнд хүргэхийг зорьж ажилладаг байсан.

Хэрвээ би Монголоос өөр орны иргэн байсан бол магадгүй мэргэжлээрээ насан туршдаа ажиллах байсан. Гэхдээ би Монголд байна. Нэлээн олон хүнтэй ярилцаж байж шийдсэн шийдвэр маань зөв эсвэл буруу эсэхийг олон жилийн дараа л үр дүн нь харагдах болов уу.

Нэг жилийн өмнө компьютерийн хэрэглээний программаас өөр туршлагагүй байсныг бодвол бага ч гэсэн мэдлэг, мэдээлэл, төсөөлөлтэй болжээ. Мэдээж манай баг, хамтран ажилладаг түншүүд маань их нөлөөлсөн. Би өөрийн мэдэх Телевиз, Радиогийн салбарын тухай бодлоо нийтлэхээр шийдлээ. Эхний хэсэг зохиогчийн эрх

Анх МҮОНТ болон түүний дэргэдэх радио, ОХУ-ын Нэгдүгээр сувгаас(Орт 1) өөр үзэх, сонсох зүйлгүй байсныг бодвол өнөөдөр Монгол улсын хэмжээнд 100 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотын хаана ч 10-аас дээш Монголын сувгийг үнэгүйгээр үзэх боломжтой. Эдгээрийг хараад энэ салбар хөгжиж байна, маш хурдацтай урагшилж байна гэж хэн ч хэлж чадна. Гэхдээ энд чанарын хувьд өсөлт, дэвшсэн зүйлгүй. Мэдээллийн энэ салбар бол одоо болж байгаа болоод өнгөрсөн үйл явдал, уран бүтээлчдийн бүтээл зэргийг олон нийтэд үнэн зөв бодитойгоор хүргэх ёстой гэж би ойлгодог. Гэтэл өнөөдөр зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоод маш олон нэвтрүүлэг, кино, сурталчилгааг телевиз, радио, сонин, сэтгүүлд нийтэлж байна. Энэ тухай яагаад хөндөж байгаа гэвэл миний ажил үүнтэй салшгүй холбогдож байна.

Манай компани Улаанбаатар хотод нэвтрүүлгээ цацаж буй телевизүүдийг орон даяар дамжуулах зорилготой. Монгол улс шиг өргөн уудам нутаг газарт үүнийг шийдэх цор ганц оновчтой шийдэл нь хиймэл дагуулыг ашиглах юм. Өнөөдрийн байдлаар Монголын 11 телевизийн нэвтрүүлгийг бид Азийн тивийн 20 гаруй оронд шууд дамжуулж байна. Би өмнөх системийг дурдахгүй бол алдаа болно гэж бодож байна. Өмнөх систем нь Монголын 6 телевизийн нэвтрүүлгийг 4 сувгаар дамжуулж байсан. Өөрөөр хэлбэр 2 телевизийн нэвтрүүлгийг шууд, үлдсэн хоёр сувгийг зайнд өдөр ээлжлэх журмаар 4 телевизийн нэвтрүүлгийг дамжуулж байсан. Жишээ нь, үзэгчид нь үнэхээр үзэхийг хүсээд гаргаад байдаг юм уу, эсвэл үзүүлэх өөр юу ч олдохгүй байгаа юм шиг гаргадаг Солонгос олон ангит киног өнөөдөр үзсэн бол маргаашийнхийг үзэж чадахгүй тул нөгөөдрийн ангиас шууд нөхөж ойлгох шийдлээр шийдсэн байсан. Тэгвэл манай үйлчилгээ нь Монголын бүх сувгийг шууд олон улсад дамжуулж байна.

С1, Ийгл телевизүүдээс бусад бүх телевизүүд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй кино, нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийг дамжуулдаг. (Бид С1 телевизийн нэрийг дуудахдаа “си-нэг” гэж дууддаг. Гэтэл Монгол хэлээр уншин дуудвал эс-нэг, Англи хэлээр уншин дуудвал Си-уан). Манай үйлчилгээ олон улсад хүрдэг болохоор эдгээр хоёр телевизээс бусад бүх телевизүүд зөвшөөрөлгүй нэвтрүүлгүүдийг дамжуулахгүй байх цаг удахгүй ирнэ гэж хувьдаа найдаж байна. Толгой хагарсан ч малгай дотроо гэсэн үг байдаг. Гадаадын олон сая хүмүүсийн хүртээл болсон өндөр үнэлэмжтэй бүтээлийг зөвхөн Монгол улсад эсвэл зөвхөн Улаанбаатар хот дамжуулаад хүргэж байвал энэ ондоо асуудал. Тухайн зохиогч нь өөрөө үүнийг мэдэхгүй л бол асуудалгүй гэж ойлгодог. Яагаад гэвэл манай оронд ирчихсэн тэр бүтээлийг дамжуулж байгааг олоод мэдэх магадлал тун бага. Үүнийг маш ихээр мэдэрч үйл ажиллагаа явуулдаг КаТВ бол Сансар КаТВ яахын аргагүй мөн. Бүх л сувгууд нь үнэ, төлбөргүй, төлбөртэй цөөхөн хэд нь хулгайнх байдаг. Тэр ч бүү хэл дамжуулж байгаа Монголын телевизүүдээс түрээс авдаг. Манай КаТВ-ээр суваг явахгүй бол хэн үзэх юм бэ гээд сууж байдаг Монгол удирдлагатай Гадаадын компани юм. Гэтэл өнөөдөр асуудал өөр болж байна. Бүх телевизүүдийн нэвтрүүлэг олон улсад хүрдэг боллоо. Зарим нэг хөрөнгөтэй улс зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт зориулаад хиймэл дагуул хөөргөчихсөн байна. жишээ нь Солонгос, манайх шиг төсвийн орлогыг зарлагатай нь яаж тэнцүүлэх вэ гэдгийг бодож, тархиа гашилгаж суудаг оронд боломжгүй зүйл.

Хэрвээ бид зохиогчийн эрхийг хүндэлдэг болвол Монгол телевизүүдээр Монгол хүний оюун ухаанаар бүтсэн нэвтрүүлэг, кино гардаг болно. Хуулбар байсан ч хамаагүй шүү дээ, оролцогч нь ядаж Монгол хүн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол хүний үнэлэмж нь өснө, бие биеэсээ хүндэлдэг болох болов уу. Энэ цагт киног телевизээр бус албан ёсны зөвшөөрөлтэй Кино театруудад үзэх соёл тогтоно. Тэр л үед миний албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдан авч байгаа гадаадын телевизүүдийн нэвтрүүлэг үнэ цэнэтэй болно. Манайхаар гарч байгаа бүх гадаадын нэвтрүүлгүүд бүгд албан ёсны зөвшөөрөлтэй.

Хэрвээ зохиогчийн эрхийг хүндлэхгүй, хайхрахгүй бол үр дүн нь юу байх бол? Олон улсын шүүх, шийдвэр зэрэг судлаж байж энэ сэдвийг эхлүүлье.

1 comment:

Zulaa said...

wow I agree with you